Шүүхийг шинэчлэх багц хуулийн хүрээнд 2012 оны тавдугаар сарын 22-ны өдөр Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж 2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Энэ хууль батлагдсан өдрөөсөө хойш 11 сарын дараа хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн нь хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой бэлтгэл ажил чамгүй их байсныг харуулж байгаа юм.
Нийгмийн хөгжил хурдсахын хэрээр шүүхийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ дэлхий нийтэд улам бүр өсөн нэмэгдэж байна. Энэ утгаараа шүүхийн нийгмийн өмнө хүлээх хариуцлага чухлаар тавигдах боллоо. Шүүх нь төрийн эрх мэдлийн бусад байгууллагуудын нөлөөлөл, хяналтаас ангид гагцхүү хууль тогтоогчийн баталсан хэм хэмжээ, үндсэн хуульт ёсны зарчимд үндэслэн аливаа эрх зүйн маргааныг шийдвэрлэх үүргийг ард түмний өмнө хүлээдэг. Шүүхийн бүхий л үйл ажиллагаа олон түмний хурц хараа, хяналтан дор ил тод байх зарчим үйлчилж байгаа ч улам бүр нээлттэй, хүртээмжтэй байх шаардлага онцгойлон тавигдсаар байна. Шүүхүүд шударга ёсны үйлчилгээнийхээ үнэ цэнэ, ач холбогдлыг олон нийтэд харуулахын тулд тэдэнд ажлаа тайлагнах, ил тод үйл ажиллагаа бүхий шударга ёсны шалгуур нь иргэдийн төлөөлөгчийн оролцоо юм.
Монгол Улсын иргэн шүүх хуралдаанд оролцож, шүүгчтэй адил Монгол Улсын нэрийн өмнөөс хэрэг шийдвэрлэх, шүүн таслах эрхийг эдлэх боломжийг Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар олгосон байдаг. Энэхүү хууль нь шүүхийн ил тод, нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих тогтолцоог бий болгох зэрэг давуу талтай юм. Гэвч Үндсэн хуулийн Цэцийн 2014 оны 01 тоот дүгнэлтээр Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.4, 9 дүгээр зүйлийн 9.3, 12 дугаар зүйлийн гарчиг болон заалтад орсон "... шүүх бүрэлдэхүүнд ...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн хэмээн үзэж, хүчингүй болгосноор иргэдийн төлөөлөгч дээрх эрхийг эдэлж чадахгүйд хүрсэн билээ.
Түүнчлэн Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, сургах, гарын авлага материалаар хангах гэх мэт олон чухал асуудлыг зохицуулсан боловч шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдсон болон нэрсийн жагсаалтад нэр нь орсон иргэд маань энэ хуулийг хэрэгжүүлэх томоохон хөшүүрэг нь билээ.
Гэтэл орон нутгийн шүүхүүдэд тулгарах асуудал нь шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэд нь идэвхи санаачлагагүй, албадан хийж байгаа мэтээр хайхрамжгүй хандах, шүүн таслах ажиллагаанд оролцохоос зайлсхийх нь элбэг.
Шүүхийн тамгын газраас хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ дагуу шинээр сонгогдсон иргэдийн төлөөлөгчдөд хууль сурталчлах, шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж ямар чиг үүрэг, ач холбогдолтой талаар мэдээлэл сургалтыг зохион байгуулдаг боловч нийт сонгогдсон иргэдийн төлөөлөгчдийн сургалтад хамрагдах ирц нь 50 хувь ч хүрэхгүй байдаг нь харамсалтай юм. Шүүхийн тамгын газраас зохион байгуулах сургалтад хамрагдаж мэдээлэл аваагүйгээс эрх, үүргээ сайн хэрэгжүүлж чадахгүйд хүрдэг бөгөөд цаашлаад хариуцлага тооцуулах тохиолдол байна. Хуулиар эрх олгогдохоос гадна үүрэг хариуцлагын асуудлыг мөн зохицуулсан байдаг билээ. Тухайлбал:
Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоос хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзах, шүүн таслах ажиллагаанд оролцохоос санаатайгаар зайлсхийсэн тохиолдолд иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох бөгөөд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдийн төлөөлөгчийг ажлаас чөлөөлөөгүй тохиолдолд ажил олгогчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор зохицуулсан байдаг.
Иймд шүүхийн шинэтгэл, нээлттэй ил тод байдалтай биечлэн танилцах, ард түмний төлөөлөл болох үүргээ өндөрт өргөн, туйлийн ач холбогдолтой хандаж байхыг нийт ард түмэн болон шүүхийн иргэдийн төлөөлөгчдөөр сонгогдсон иргэддээ уриалж байна.
Өмнөговь аймаг дахь Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн туслах, шүүхийн иргэдийн төлөөлөгч хариуцсан ажилтан Ц.Мөнх-Эрдэнэ